Хэлмэгдэгсдэд тэтгэмж олгох тухай хуралдаан
Хоолой хорсож, сэтгэлийн утаа, хотын утаанд борцлогдсон энэ хэлмэгдүүлэлтийн өдрийн мэндийг дэвшүүлье. 2000, 2001 онд хэлмэгдэгсдийн нөхөн олговор Үндэсний архивын газар дээр олгогдож байсан юм. Тэр үед би аавыгаа даган очиж, өвгөдийнхөө хэлмэгдсэний мөнгө авч байлаа. Тэгээд аав маань, гудамжинд хэцүүхэн харагдаж байгаа хүмүүст тэр мөнгийг тараагаад л яваад байсан. Ирээд үлдсэнийг нь дүү нартаа өгөөд “Энэ мөнгөөр зөвхөн нохой, шувуу, хүүхэд гурав хооллож баярлуулаарай, нэг төгрөгийг нь ч өөр зүйлд бүү зараарай” гээд өгч байж билээ. Тэгээд бодохоор энэ нь асар их гуниг харуусал, цус нулимсны үнэтэй зүйлээр оролдож байгаа гэсэн үг юм шүү. Энэ дээр, өнөөдрийн энэ амьдралд хандаж байгаа шигээ битгий хөнгөн хуумгай хандаасай гэж хүсмээр байна. Өнөөдөр энэ Монголоо, бүгд хагарч, хэрэлдэж, зодолдож, нүдэлдэж, ховонд дурлаж, хор найруулж, хэлмэгдүүлж байгаагаа бас олж анзаараарай. Бие даагч гишүүн нь “Монголоо мандуулцгаая, зөв зүйлд чиглэцгээе, орон даяар хөдөлгөөн өрнүүлье!” гээд албан бичиг өгөхөөр бүгд уншсан хэрнээ уншаагүй юм шиг царай гаргаад л нэг ч хариу байхгүй шүү. Мөн одоо цахим орчинд хэрэлдээд хараагаад байна гэх юм.
Олон түмэн нийгмийг зөв байгаасай, битгий хэлмэгдүүлээд байгаач ээ гэж хүсэж байгаа өөрийнх нь уур хилэн байхгүй юу даа. Бид бүгд наад зах нь утааны хэлмэгдүүлэлтэд байна. Тэгэхлээр энэ уур хилэнг зөв цаг руу зарцуулах, хэлмэгдүүлэлтгүй байх, ийм зүйл рүү бүх анхаарлаа хандуулж Монголоо сэргээн мандуулах цаг ирсэн.
Та сэтгэгдлээ хуваалцана уу