ӨМНӨХ НАСНЫ ҮЙЛИЙН ҮР
Хүмүүс “урд нас”, “хойд нас” гээд яриад байдаг. “Тулгын гурван чулуу” гэдэгтэй адил хорвоогийн юм гурав. Хүн хойшоо, урагшаах амьдралаа нэг, нэгийг мэдэх боломжтой, түүнээс илүүг мэдэж болдоггүй, боломжгүй. Тийм учраас бид урд, хойд насыг олон тоон дээр ярьдаггүй. “Урд нас”, “хойд нас” гэж ярьдаг.
Өмнөх насандаа дайсагналцаж, энэ насандаа ижилсдэг.
Хүн энэ ертөнцөд уулзаж учирч, хамтдаа амьдарч, хамтран зүтгэж байгаа нэгнийгээ “Бид урд төрөлдөө бас л уулзаж, учирч хамтдаа амьдарч байсан даа” гэж боддог. Тэгвэл өмнөх насандаа найз байж байгаад, дараа насандаа бас найз болоод байхаар танд уйтгартай санагдахгүй байна уу?
“Та үеийн үедээ нэг хүнтэй нөхөрлөж, үүрдийн үүрддээ нэгэн хүнтэй дайсан явна” гэдэг бол утгагүй зүйл. Тэгэхээр хүн хөгжихгүй. “Инээсэн болгон найз биш, уурласан болгон дайсан биш” гэж үгтэй. Ер нь хүн урд насандаа эдлээгүйгээ энд ирж эдэлдэг. Урд насандаа өгөөгүйгээ энд ирж өгдөг. Урд насандаа дайсан байсан хүнтэйгээ энэ насандаа ханилдаг. “Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэдэг” гэсэн үг.
“Хүн жинхэнэ заяаны ханьтайгаа тун ховор учирдаг” гэдэг. Тэр бол урд насныхаа хамгийн өстөн дайсантайгаа энэ насандаа салахгүй ижилдэхийг хэлж байгаа юм. Хүн тэгж л үйлээ гүйцээдэг.
Өмнөх насандаа шүтвэл, дараа насандаа шүтүүлнэ.
Заримдаа нэр алдартай хүмүүст түүний шүтэн бишрэгчид нь дурлаж, тухайн алдартан, цуутангүйгээр байж чадахгүй болж, амьдрал нь утгаа алдаж хаа явсан газар нь сүүдэр мэт дагаж, хийсэн үйлдсэн болгоныг нь шүтэн биширч, дагаж дуурайж явдаг.
Ийм тохиолдолд магадгүй тэр алдартан өмнөх насандаа маш олон бурхадыг шүтэж, биширч, мөргөж явсан байж болно. Тэгээд энэ насанд нь өөртөө мөргүүлж байсан бурхад нь түүнд мөргөх гээд ирсэн ч байж болно. Хүн шүтлэгийг их утга учиртай хийх ёстой. Их олон бурханд мөргөсөн хүн хожим хойноо ийм үйлийн үрд унадаг.
Та сэтгэгдлээ хуваалцана уу