С.Жавхлан Монгол Улсын Ардын Жүжигчин цол хүртлээ
Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлан Увс аймгийн түүхт 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор шагнууллаа.
МУГЖ дуучин С.Жавхлангийн намтар
Хөх Чоно овогт Самандын Жавхлан 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангомд төржээ. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Бага нас, сургууль
С.Жавхлан 1980 оны 2 сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрад-дөрвөдийн яст монгол үндэстэн Даржаагийн Самандын хөвүүн болон төржээ. Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм. Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь дунд сургуулийн түүх, газар зүйн багш байв.
Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж мэргэжлийн дуучин болжээ. Ахиулан дуурийн дуучин Гонгорын Хайдав багшийн удирдлага дор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг урлаг судлаачийн мэргэжлээр сурч 2006 онд магистр зэрэг авсан.
Дуучны амжилтын гараа
Оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх түмэн олонд танигдсан билээ. 2001 оны "Насны хайр" нь тэднийг улам алдаршуулжээ.
Тэрбээр дараах дөрвөн улсын гавьяат билээ.
- 2009 Монгол улсын гавьяат жүжигчин
- 2015 Тува улсын гавьяат
- 2023 Буриад улсын гавьяат
- 2024 Халимаг улсын гавьяат тус тус болж байв.
Та сэтгэгдлээ хуваалцана уу