Дурсамж 2
1997 оны өвөл 17 настайдаа хот ороод санаандгүй гэнэтийн байдлаар 7-хон хоногийн дотор бэлдээд АЖ Г. Хайдавын нэрэмжит тэмцээнээс СУИС-ийн урилга авчхав.
- 1998 оны намар аав маань “Гал залгах хүүгээ газраар биш тэнгэрээр явуулнаа” гээд онгоцонд суулгаж өгөхөөр ирэв.
- Онгоц нисэхийн өмнө аав “Чиний 2, 3-н дуу яах вэ? Асуудалгүй! Чи чадна, болгочихно. Харин миний хүү Монголын төрийг засахаар явж байгаа шүү, чамд бүх юм байгаа” гэж хэлэв.
- Тухайн үед би “дуу дуулаад Од болно доо л” гэж бодож байхад, аав юу яриад байнаа гээд гайхаад өнгөрөв.
- 2001 он Ээж, Аав 2 маань 8-хан сарын зайтай өнгөрөв. /2 сар, 11 сард/
- Цаг хугацаа гэж зүйл л хүнд хамгаас чухал юм байна. Амжиж асар их зүйлийг бүтээх ёстойг тэгэхэд ухаарав.
- Ингээд 15 жил бараг л унтаагүй дээ. /Үүрээр гэртээ ирнэ, өглөө эрт буцаад гарна/
- Ямартаа л 15 жил дуулсан дуу Хит-ээс огт буухгүй байхав.
- Энэ хооронд 2003 он СУИС-ийг дүүргээд 2004, 5 оны сонгуулиар явж, нэр дэвшигч нарт очиж дуулж эхлэв.
- Ажаад байхад зарим ихэнх нь худлаагаасаа яриад байгааг буруушааж, тэдэнд “Та нар ингэж худал хэлж болохгүй” гэж хэлж эхлэв.
- Би эдэнтэй хамтрагч болж бас хууралцаж болохгүй гэж хатуу шийдэв.
- Заримыг нь хаяад хөгжмөө хураагаад явчихдаг болов.
- 2008 оны сонгууль мөн л адил, нөгөө янзаараа баахан худал амлаж, мөнгө тараагаад араар нь “лиценз” нэрээр газар ус бохирлож, улсын сангаас хийх хулгай улам гаарч, хэсэгхээн хүмүүс нь задартлаа баяжиж буйг хараад маш их эмзэглэдэг болов.
- Тэр баячуул гадаадын зул сар, улаан өндөгний баяр тэмдэглэж, хүүхдүүд нь нэгэндээ цагаан алтан гинж зүүлт бэлэглэлцэж, Монгол хэлээ ч мэдэхгүй харь /англи/ хэлээр ярьцгааж байгааг хүлээн авалтанд уригдаж оччихоод нүд оройдоо гартал гайхаж байсан тохиолдол 2003 оноос хойш олон байв.
- Гэтэл нидэр үнэндээ эгэл түмэн юуг ч мэдэхгүй хууртсаар байгааг хараад тэвчиж тэсвэрлэх аргагүй болоод ирэв.
- 2008 он “Гал үндэстэн” холбоог нэрийг нь өгч байгуулалцаж, газар шороогоо хамгаалах тэмцэлд орж эхлэв.
- Ингээд дээрээсээ бохирдсоныг орж цэвэрлэх ёстой юм байна гэж бодож эхлэв.
- 2009 онд УБ хот, Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд оров. Сэтгүүлчид “таны сонгууль юунаас эхлэх вэ?” гэж асуухад, би дээлрүүгээ заагаад “ Монгол энэнээс эхэлнэ” гэж хариулж байлаа.
- Хүмүүс тэр үед “Чи галзуурчээ. Сайхан амьдрах боломж байхад дуугаа дуулаад яваач, жинхэнэ тэнэг ийм муухай юм руу яагаад зүтгээд байгаа юм бэ?” гэж байлаа. Намайг төрд очиж улам л нэр олъё гэж бодоод зүтгээд байна гэж бодсон олон ч хүн байсан байх.
- Гэтэл би өөртөө “Чи дуулдаг ч бай, эмч ч бай, гуйлгачин ч бай хэн ч бай чиний хэн байх, ямар мэргэжилтэй чинь огтоос хамаагүй, гагцхүү зүрхэнд чинь эх орноо хайрлаж, элгэн түмнийхээ төлөө эмтэрч, Монголын төлөө шатах халуун сэтгэл л байвал энэ үлдсэн цаг хугацаандаа амжиж чи Монгол түүх бүтээх ёстой. Үүний төлөө бүх цагаа хүн бүр зарцуулж байж л бид босох ёстой гэж л боддог байлаа. Ойлгох нэгэнд нь уйгагүй хэлж ярьсаар иржээ. Хар муухайг муухай байна гэж зугатаах биш гар бие оролцож, сайн сайхан болгох ёстой гэсэн яс цусанд байдаг өсөхийн хүмүүжил сэрэв.
- Ингээд аавын хэлснээр нэг мэдэхэд би аль хэдийн улс төрийн тэмцэгч болсон байлаа.
Жич: Би эмээгийн хэлсэн, аавын үлдээсэн дэвтрүүдийг эмхэтгэж “Төрийг тольдох миний мэлмий” нэртэй ном бичиж байгаа. Хамаг Монголоор явахдаа ч мөн маш их судалгаа хийсэн.
Та сэтгэгдлээ хуваалцана уу