Монголд хэрэгтэй асуудлыг шөнө дөл хүртэл, үүр цайтал хэлэлцдэг байгаач, ширнүүд ээ!
Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн хар Их Хурал болж байна. Дандаа хууль зөрчсөн юм хийдэг, хар шөнөөр хуралддаг. Одоо бол ямар ч ажлын цаггүй болсон. Ямар ч ичих булчирхай, нүүр байхгүй. Одоо сайн сайхны төлөө хурал биш, зүгээр хулгайн хурал болдог болсон. Тэгээд нэг хэсэг нь даргыгаа буулгаж хаях гэсэн бослого тэмцэл. Нөгөө хэсэг нь гишүүдийгээ хөөж зайлуулъя гэсэн бослого тэмцэл. Ийм муухай хараал жатгатай, ийм заваан хурал дотор суухаасаа ичиж байна. “Эвт шаазгай бага барина. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг үг бол мартагдсан шүү дээ. Ямар ичдэггүй, ямар муухай санаа зовдоггүй улсууд вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч хэзээ энэ утаа, ядуурал, энэ өвчлөлийн талаар өдөр дотор нь та нар хуралд, шийд гээд үүрэг өгөх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ танхимынхаа гишүүдийг оруулж ирээд энэ утаа, ядуурал хэцүү болсон энэ цаг үеийн асуудлаар хурал хийх юм бэ? Нийгэмд тулгамдаад байгаа асуудлаас бүр илүү давсан үнэ цэнэтэй зүйл нь болохоор та нарын энэ сандал суудал чинь... Монголын тал нутагт байгаа, энэ утааны голомт дотор нь “Монгол нэг өдөр сайхан болно доо” гээд хамар нь хорсож байгаа ч гэсэн Монголоо цээжин дотроо багтаагаад явдаг түг түмэн мэргэн цэцэн ухаантай сайхан хүмүүс байгаа шүү. Та бүхэн бол энд зүгээр одоо нэг нэгнийгээ тулхэж унагах биш. “Бүгд зайлцгаа!” гэж хэлмээр байна. Та нарт хуурагдаад явж байгаа тэр олон үндэсний үйлдвэрлэгч “Монголоо босгоё” гээд бодож байгаа, утаан дотор ам уушги нь хорсоод гаслаад сууж байгаа тэр сайхан гэгээн сэтгэлтэй залууст та нар суудлаа тавьж өг.
Монголд хэрэгтэй асуудлыг шөнө үүр цайтал хэлэлцдэг байгаач. Ширнүүд ээ!
Та сэтгэгдлээ хуваалцана уу