Андгай тангарагийн тухай
“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж үгтэй. Хүн төрийн хариуцлагатай албан тушаалд яах гэж андгай тангараг өргөдөг юм бэ? 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 45 хоромд энэ танхимд байгаа бүх хүмүүс тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойшоо энэ тангаргийг мартсан байдаг юм. Эр ч бай, эм ч бай хамаагүй эх орныхоо төлөө өргөж байгаа тангараг гэдэг бол тэр хүний цээжин дотор үргэлж гал мэт шатаж, зүрхэнд нь дандаа булгилж, хадаастай явах ёстой энэ үгийг тангараг гэж байгаа юм. Би өөрсдийн чинь, өнөөдрийн байгаа үнэн байдал нөхцөлд тааруулсан тангаргийг хэлж өгмөөр байна. “Би зөвхөн хувийн байгууллагынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө зээл, хууль хөөцөлдөж, төсөл төлөвлөгөө авч, өөрийнхөө эхнэр хүүхдүүдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая” гэсэн шинэ тангарагтай болмоор байна. Томилогдож байгаа хүмүүс нь болохоор “Намайг томилсон даргынхаа төлөө л үхэн үхтлээ зүтгэнэ, манай даргыг муулах юм бол бүгдийг нь баривчилж хорино, саатуулна, дарамтална, тамлана, яллана” гэдэг тангарагтай болмоор байна. Энэ бол өнөөдрийн үнэн бодит байдал. Одоо энэ “амлалтдаа хүрнэ, улсаа хөгжүүлнэ” гээд худлаа ярьдагаа болих хэрэгтэй. “Улсаа хөгжүүлэх гээгүй бид нар нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ” гээд сайхан яг үнэнгээ хэлээ л тангараглах хэрэгтэй. “Би Ерөнхий сайдаар ажиллавал зөвхөн цүнх барьдаг хэдэн хүүхдүүдээ сайд болгоно. Би Ерөнхийлөгч болвол намайг муулсан бүх хүмүүсээс өш хонзонгоо авна” гээд ийм тангарагтай болох хэрэгтэй. Уг нь бол “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ Элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэж хэлсэн улсууд бол энэ дотор сууж байгаа. Харамсалтай нь бүгд няцсан үүнийг зүрхэндээ хадаж авч явж чадсангүй. Ийм л улсууд байж байгаа. Ингээд нэг удаа уншаад мартдаг зүйлүүдийг тангараг гэдэггүй, амлалт гэдэггүй юм. Монгол Улсын ерөнхий прокуророор өнөөдөр томилогдож байгаа Жаргалсайхан та хэн нэгний өс хонзонг авах, хэн нэгний нөлөөлөлд орох ийм хүн битгий байгаасай, тийм хүн биш гэдэгт би итгэж байна. Таны ажлын тангараг дотор байна л даа. “Гадны нөлөөнд үл автах” гэдэг өгүүлбэр байна. Энэ бол хоёр гуравхан өгүүлбэр байгаа юм шиг мөртлөө та шийдвэр гаргахдаа хэн нэгний нөлөөлөлд битгий автаасай гэдгийг би дахин хэлье.
Та сэтгэгдлээ хуваалцана уу