ТӨРИЙН ГУРВАН ШҮТЭЭН

10 сар 19, 2022 - 11:56
 0

“Сүлд сүлдтэйгээ харьцдаг юм” гэж би дээр хэлсэн. Хүн болгонд л “сүлд” гэж байгаа. Төрийн өмнөөс сонгогдсон төр, түмэн олноо удирдагч тэр хүний сүлдэнд хүртэл хувь тавилангийн эрхээр өөрчлөлт орж хувьсдаг. Тэр хүн хувьсахдаа “Юуны даатгалд орж, юуны төрөлд ангилагдаж, хамаарагдаж эхэлдэг юм бэ?” гэдэг юм зүйл байгаа. 

Тухайлбал; монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүний хувьд төрд хамаарагдаж, төрд ангилагдаж эхлэх бөгөөд төрийг төлөөлж ийм шинж чанарууд нь бие махбодид илэрч бий болдог. Илэрч бий болж байгаагийнхаа хэрээр тухайн бие махбодийн бие сэтгэл хийгээд сүлд хийморь нь өөр зүйлээр цэнэглэгдэж байдаг. Тухайн хүн ерөнхийлөгч болохоосоо өмнө хувь хүн хийгээд, өрх гэрийн сүлдээ лам хүнд даатгаад явж болдог байсан бол “ерөнхийлөгч” гэдэг хүний сүлдийг мянган лам ч дааж чадахгүй. Харин төр нь даадаг болчихдог. 

Тухайн хүн маань ингэх гэж, ийм зүйлийг бий болгож зүтгэсэн. Тийм учраас монгол улсын ерөнхийлөгчийн сүлдийг нь есөн хөлт цагаан сүлд, хийморь нь даатгаж байдаг. Түүнээс биш “Тэр лам багш маань намайг даагаад явж байгаа” гэдэг хувь хүнээр нь өөрийгөө битгий хараарай. Та өөрийгөө “хувь хүн” гэж бодолгүй, та өөрийгөө “улс орон” гэж бодоорой. Та өөрийгөө “улс орон” гэж бодвол энэ эх орондоо “сүлд, хийморь” гэж байлгаач ээ гэж хүснэ. 

Ерөнхийлөгч болохынхоо өмнө тухайн хүн маань өөрийгөө, гэргийгээ, үр хүүхдээ, удам угсаагаа нэг бурханд даатгаж мөргөөд, нэг лам дээр очиж ном уншуулдаг байсан бол, ерөнхийлөгч болмогц түүнд тэр цөөн тооны хүмүүсийг бодож, даатгах эрх байхгүй. Тэгвэл нүгэл болно. 

Түмэн олноо, эх орноо даатгах тийм том шүтээн тэр хүнд хэрэгтэй. “Тэр том шүтээн нь хаана байгаа юм бэ?” гэвэл монгол төрийн сүлдэд нь, хийморьд нь, галд нь байгаа. 

Төрийн сүлд нь есөн хөлт цагаан туг бол, хийморь нь далавчтай морь нь юм байж тэгвэл сүнс нь соёмбо болж таарах гээд байна. Сүлд, хийморь, сүнс гурав.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow