ТӨРИЙН ХИЙМОРЬ, ТӨРИЙН СҮЛД

10 сар 19, 2022 - 11:53
 0

Монголын төрийн “есөн хөлт цагаан туг” гэж байдаг. Энэ тугны өмнө хүндэтгэл үзүүлэхээсээ илүү хүмүүс зургаа татуулж, өөртөө дурсах зүйл авч үлдэхийг хичээдэг болжээ.

 “Есөн хөлт цагаан сүлд” гэдэг бол хэзээ хэзээнээсээ, аль мянган зуунаасаа зөвхөн төрд зориулагдсан, төрийг хамгаалж, төрийг ариусгаж, төрийг даах гэж бүтээгддэг. Түүнээс биш төрийн ордонд байрлаж түмний хөлөнд дарагдах гэж бүтээгддэггүй.

Монголын төр есөн хөлт цагаан сүлдээ өргөө цагаан гэртээ залж, түмний төлөөлөл болсон хүмүүс нь сүлдэндээ залбирч, төрийн тулганы галдаа сүсэглэснээрээ түмэн олноо удирдах ухааныг олж авч, төр түмэн олондоо хэрэг болох  эрчмийг, шидийг дамжуулж өгч байдаг учиртай. 

Амьдрал дээр байдаг энгийн нэг жишээтэй энэ үйлийг зүйрлүүлье. Хүн болгон орж гарч байдаг айл гэж байдаг. Тэр айл зохион байгуулалт, өнгө зүс муутай. Тэгсэн мөртөө ааль сайхантай байдаг. Гэтэл хахир хатуу мөртөөсөө айхтар цэмцгэр, ёс жудагтай айл байдаг. Цэмцгэр айлд нь хүн орохдоо өөрийнхөө биеийг засаж, зан араншингаа тэр айлд тааруулж ордог. Тэгвэл нөгөө байнга хүний хөл дайрч байдаг айлд бол хүссэн аашаа гаргаж, хүссэн авираараа дайрч орж байдаг. 

Үүнээс харахад л төрд “хүндэтгэл” гэж юм байх учиртай. Төрд төрийг өөрийг нь дааж явдаг “сүлд” гэж байх ёстой. Монгол улсын одоогийн сүлд нисдэг морь байдаг. Тэрийг магадгүй “төрийн хийморь” гэж үзье. Харин есөн хөлт цагаан тугийг нь “төрийн сүлд” гэж үзье. 

Тэгвэл хүн хэзээд л сүлд, хийморио доройтуулахгүй, өргөж өөд болгохын төлөө явдаг. Ийм ч учраас хүний “Сүлдийг нь дуудъя”, “Сүлд чинь харьчихсан байна”, “Сүлдгүй хүнтэй хамаа намаагүй аашилж аягласан байна” гэдэг. Энэ жишээнээс үзэхэд монголын төрд сүлд байхгүй байна. 

Хүнээр жишихэд, “Сүлдгүй хүн ямар байдаг юм бэ?” та бүхэн ламаас асуугаарай. “Сүлдгүй хүн дорой байдаг. Сүлдгүй хүн хийморь лундаагүй байдаг” гэж тэд төвөггүй хариулна. “Сүлдгүй хүн олон, олон асуудалдаа алддаг”, “Сүлдгүй хүний ажил үйлс бүтдэггүй”, “Сүлдгүй хүний ааш аяг засагддаггүй”, “Сүлдгүй хүний амьдрал ахуй тэгширдэггүй” гэдэг. Ийм учраас монголын төр сүлдтэй болох ёстой. 

Монгол орны цог жавхлант хийморь бол ёстой л нисдэг адгуус нь баймаар. Хүн хийморио тэгэж л төсөөлдөг. Сүлдийг хүн бол “төв” гэж үздэг. Хүн бол өөрийнхөө сүлдийг бусадтай хуваалцахыг хэзээ ч хүсэхгүй. Тийм учраас “сүлд” гэдэг эрхэм зүйлийг жинхэнэ дээдэлж, төрийн ордондоо байрлаж, байршиж байгаа сүлдэндээ түмнээс сонгогдсон хүн нь очиж түмнээ даатгадаг баймаар байна.

Тухайлбал, нэгэн аймгаас тодорсон хувилгаан хүн байж гэж бодъё. Тодорсон хувилгаан нь бурханы авшиг хүртэхээр номын сайхан нутаг орныг зоръё. Тэгэхэд нь нутгийн зон олон цугаараа хүрч ирээд “Намайг даатгаарай. Нутаг усаа даатгаарай. Уул хангайгаа даатгаарай” гэж тэр хүнийг явуулдаг. Өнөөдрийн төрийн түшээд яг л үүнтэй ижилхэн хүмүүс. Эрт цагтаа, тухайн үедээ хутагт хувилгаад байсан юм биз. Одоо цагт төрийн түшээд юм. 

Монголын төр сүлд, хийморио дээдлэхийн цагт тойргоосоо сонгогдсон түшээддээ түмэн олон нь “Есөн хөлт цагаан сүлдэнд минь манайхныг даатгаарай. Нутаг нуга, уул усаа даатгаарай. Төрийн галд нутгийн минь сайхан идээний дээжийг аваачиж өргөөрэй” гэдэг бэлгэ ерөөл дэвшүүлэх цаг ирнэ. 

Одоо болохоор би ч, та ч адис аваад, хажууд нь зургаа татуулах боломжтой болохоор түмэн олноосоо томиллогдсоны утга хүртэл алдагдаж байна. Түмэн олноо авчирч даатгах даатгал хүртэл алдагдаж байгаа. Төрийн түшээд сонгогдсон нутгийнхаа зон олныг зөвхөн сэтгэлдээ бодоод явдаг болохоос биш, төрийнхөө ордонд хүрч ирээд “Нутгийн түмэн олныг минь мөнх тэнгэр минь ивээж, төрийн минь сүлд өршөөж яваарай” гээд мөргөх юм байдаггүй. Монгол улсын ерөнхийлөгч “Энэ сайхан монгол эх орныг минь, энэ нутгийн эзэн түмнийг минь мөнх тэнгэр нь ивээн дааж, монголын төрийн минь сүлд өршөөх болтугай” гээд мөргөх юм байдаггүй. Тиймээс төрийн түшээд нь түмэн олноо сэтгэлдээ тээж бодсоноо даатгаж залбирдаг тийм сүлдтэй болмоор байна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow